Танайх бүл нэмэхээр шийдсэн үү. Тэгвэл бэлдэх зүйл байна. Эхлээд ээж болоход бэлэн үү гэдгээ нэг эргэцүүлж үзье. Эрүүл мэнд, санхүүгийн бололцоо, гэр орны орчин нөхцөл гээд олон зүйлийг зохицуулах шаардлагатай. Энэ нь төрсний дараа элдэв шаналал, стрессээс өөрийгөө “аврах” том бололцоо. За тэгээд жирэмслэхээс өмнө хийх, бодож тооцоолох зүйлсийг жагсаалаа, нэг анзаараарай.
1. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө.
Жирэмсэн болохоор төлөвлөж байхдаа эмчид үзүүлэх хэрэгтэй. Элдэв хууч болон удмын өвчин байгаа эсэхийг тодруулэх хэрэгтэй. Энэ нь жирэмслэлтийн явц хэвийн явагдах цаашлаад хүндрэлгүй төрөх боломжийг бий болгоно. Энд асуудал нөхөрт ч хамаатай. Эрүүл эцэг, эхээс эрүүл хүүхэд төрнө шүү дээ.
2. Муу зуршил, шаардлагагүй хэрэглээнээс татгалз.
Наад зах нь архи, тамхинаас шууд татгалз гэсэн үг. Жирэмсэн болохоор шийдсэн бол наанадаж сар согтууруулах ундаа хэрэглэхгүй байхыг эмч зөвлөдөг шүү дээ. Энэ зөвхөн эмэгтэйд хамаатай асуудал биш. Аав болох тэр хүн илүү хамаатай шүү.Тамхи, согтууруулах ундаа нь зулбалт, дутуу төрөлт, ургийн гажиг үүсэх зэргээр маш олон сөрөг нөлөөтэй. Хатуухандаа бол элдэв гажигтай хүүхэд төрүүлж, өөрсдийгөө ч, өрөөлийг ч зовоохгүйн тулд эртнээс шаардлагагүй хэрэглээгээ зохицуул.
3. Санхүүгээ тооц.
Хүн хүнстэйгээ ирдэг ч хэрэгцээ мундахгүй гэдгийг санах хэрэгтэй. Багадаа л хоёр жил ажил хийхгүй, гэртээ сууна. Тэр үед нөхрийн орлого хаашаа ч эргэж магадгүй шүү дээ. Тиймээс шинээр мэндлэх үрдээ болон гэр бүлийн хэрэгцээндээ зориулж, хуримтлал бий болго. Сандарсан үед хүнээс гуйж байхаар авдраа уудалсан нь дээр шүү дээ.
4. Кофеноос татгалзаж, эрүүл хүнс сонго.
Хэдийгээр кофе бие, сэтгэлийг сэргээдэг ч жирэмслэхээр зэхэж буй бүсгүй танд зохистой хэрэглээ биш. Үр тогтохгүй байх, зулбалтад кофе зохих нөлөөгөө үзүүлдэг учраас үүнээс татгалзах нь зөв. Идэж байгаа зүйлс маань ч эрүүл жирэмслэлтэд хамаатай. Жимс, ногоо, мах, цагаан идээний төрлийн бүтээгдэхүүнийг хүнсэндээ сонгож хэрэглэ. Уураг, кальцийг хангалттай хэм жээгээр авах нь чухал. Харин будагч бодис, халуун ногоотой бүтээгдэхүүнээс татгалзаарай.
5. Биеийн жиндээ анхаарал хандуул.
Биеийн жин хэвийн байх ёстойг сануулъя. Хэт их туранхайгаас үүдэж жирэмсэн болж чадахгүй эсвэл эмч нар хүүхэд тээж чадахгүй гэж хориглосон тохиолдол цөөнгүй шүү дээ. Тиймээс хүүхэдтэй болохоор зэхэж буй бол хэт их илүүдэл л биш бол турахын хүслэнд автахаа боль. Харин жингийн илүүдэлтэй бол турах ёстой шүү. Хүүхэд өсч, гэдэс томрохын хэрээр хүндрэл үүсэх учраас эмчтэй ярилцаж, зохих жиндээ очих хэрэгтэй.
6. Фолийн хүчил уу.
Эхлээд эмчид хандаарай. Ямар төрлийн хүчлийг, ямар хэмжээтэй уухыг зөвлөх болно. Жирэмслэхээс сарын өмнө ууж эхэлсэн фолийн хүчил ургийн гажгаас сэргийлэх энгийн арга.
7. Шүдээ эмчлүүл.
Нүд чинь асуудалтай юу, тэгвэл эргэлзэлгүй, цаг алдалгүй эмчлүүл. Жирэмсэн үед өвдөж сандаргах вий. Зарим тохиолдолд жирэмсэн хүнд шүдний эмчилгээ хийдэггүй шүү дээ. Тэгэхээр шүдээ эрүүл болго.
8. Орчноо бүрдүүл.
Бидний хувьд бол агаарын бохирдол гэж том асуудал байна. Тиймээс үүнээс дайжих хэрэгтэй. Боломжтой бол гадаад явж, үгүй бол хөдөөг зорих хэрэгтэй. Бас ажлаа нэг анзаараарай. Хортой, хүнд орчин нөхцөлтэй юм биш биз. Наанадаж л компьютерээс холдоорой.
9. Эцэст нь жирэмсэн болох хугацаагаа сонго.
Эхлээд улирлаа сонгоорой. Манайд өвлөөс бусад улирал зохимжтой шүү дээ. Өвөл жирэмсэн эхэд ч, нялх хүүхдэд ч халтай болсон. Энэ бүхнийг тооцоолсон бол жирэмслэлтээс хамгаалах аргаасаа татгалзаж болно. Жирэмслэлтээс хамгаалах аргууд янз бүрийн хугацаатай дархлаа үүсгэдэг учраас тооцоолохоо мартваа.
За тэгээд амжилт. Гэрт чинь гэрэл гийгүүлэх тэр хүнд эрүүл энхийг, та бүхэнд аз жаргалыг хүсье.