(“Монгол түмний бахархалт эмэгтэйчүүд” номонд орж буй цуврал хөрөг-5)
Нэгэн бүсгүй хөдөөгийн бөглүү хязгаарт хөгшин ээжтэйгээ хоёулхнаа амьдарч байтал ээж нь бурхан болно. Ингээд хөөрхий бүсгүй морин тэргэн дээр ээжийнхээ шарилыг ачаад хөдөөлүүлэхээр явна. Тэгтэл яг голын гарман дээр ирээд тэргэнд зүтгэж явсан “Ганган хар” морь нь үхчихдэг. Ийм нэгэн өрөвдөлтэй дүр Олон улсын кино наадмаар од болж, улмаар 1995 оноос Ар Монголын телевизүүдээр “Ганган хар” гэдэг кино гарч эхэлсэн түүхтэй. Энэ киноны гол дүрд Дундад улсын нэгдүгээр дэсийн дуучин Тэнгэр, Бүх Хятадын кино урлагийн хамгийн дээд “Алтан тахиа” шагнал хүртсэн нэрт жүжигчин Наранхуар нар тоглосон юм. Мөн Наранхуар 2000-гаад оны үед жараад оны Соёлын хувьсгалын үйл явдлыг харуулсан “Амин гол” хэмээх олон ангит киноны гол дүрийг бүтээж, энэ кино мөн л манай телевизүүдээр гарч олны сонирхолыг татаж байлаа. Тиймээс жүжигчин Наранхуарыг Ар Монголчууд андахгүй. Гэхдээ Наранхуар зөвхөн энэ хоёр киногоороо бус, Хятадын олон арван кинонд гол дүр бүтээж, мөн олон арван кино найруулж Дундад улсад нэрд гарчээ. Эдүгээ тэрбээр Бээжинд амьдарч байна. Өвөр Монголын нэрт кино найруулагч Соёлцэцэг намайг Наранхуартай уулзуулахдаа: “За энэ том жүжигчнийг манай сэтгүүлчид олж уулзах гээд чаддаггүй юм. Барааг нь харвал дээд гэж боддог. Харин өөрийг тань Ар Монголоос ирсэн гэхээр их хүндэлж байна” гэж хэлсэн. Нээрээ ч тийм байлаа.
Наранхуар Өвөр Монголын Шилийн хотод төржээ. Аав нь Хянган аймгийн, ээж нь Шулуун цагаан хошууны цэвэр монгол хүмүүс. Үнэндээ бидний тасарсан мах, үсэрсэн цус. Наранхуарыг бага байхад аав ээж нь монгол хэлээ мартчихна гээд гадуур сургууль соёлын газар хятадаар ярихыг эрс хориглодог байж. Гэвч аав ээж нь түүнийг байнга хажуудаа байлгаж чадсангүй. Охиныг 14 настай байх үед Хятадын киночид сургууль дээр нь ирж, бяцхан хүүхдүүдийг кино урлагт тэнцэх эсэхийг шалгаж байсаар ганцхан Наранхуарыг сонгожээ. Ингээд Наранхуар арван дөрөвхөн настайдаа Өвөр Монголоос Бээжинд очиж томоохон кино үйлдвэрийн жүжигчин болсон байна. Энэ бас л ховорхон тохиолдол юм. Бяцхан охиноо Бээжин тийш явуулахдаа ээж нь “Чи хаана ч очсон монгол хүн гэдгээ битгий мартаарай. Бээжинд очиход чиний хажууд дандаа хятад хүмүүс байна. Чиний сэтгэл чинь аймаар бүдүүн (том) шүү. Монголоороо байгаарай” гэж захижээ. Охины нэрийг анхандаа Наранцэцэг гэдэг байв. Тэгтэл киноныхон Наран гэдгийн ар талд Хуар хэмээх хятад нэр залгажээ. Хуар нь хятадаар цэцэг гэсэн үг. Гэхдээ эртний монгол хэллэгээр бол хуар нь “Цэцэгт ургамлын бэлгээр үржих эрхтэн” гэдэг утга агуулна.
Бяцхан охин Наранхуар Бээжинд очоод шууд л кинонд тоглож эхэлжээ. Чингээд 1982 онд Бээжингийн кино, жүжгийн дээд сургуульд шилэгдэн орж, энд дөрвөн жил суралцаж төгсөөд хоёр жил багшилсан байна. Дараа нь Англи улсад очиж кино найруулагчийн мэргэжлээр суралцжээ. Тэрбээр зарим киноныхоо талаар ингэж хүүрнэв.
-Ар Монголд очиж “Ганган хар” киноны зураг авахад хоёр сар болсон. Миний амьдралд хамгийн гоё сэтгэгдэл төрүүлсэн тохиолдол бол энэ хоёр сарын хугацаа байлаа. Хамгийн гоё өнгөтэй тал нутгийг би олж харсан. Дараа нь “Амин гол” киноны зураг авалтыг таван сарын турш хийхэд мөн л тал нутгаараа бахархсан. Энэ кинонд тоглохдоо би өөрийн үндэстний амьдрал, соёл, зан заншил, нандин сэтгэл гээд бүх юмтай гүн гүнзгий танилцсан. “Амин гол” кино бол хүн, амьтан, байгаль дэлхийгээ хайрлах сэтгэлийг ихээр төрүүлсэн кино. “Ганган хар” кино ч гэсэн Монгол үндэстэн амьтай голтой юманд хайртай байдаг өвөрмөц онцлогийг харуулсан. Хүн байгальтайгаа хамт оршиж, хамт сөнөх нь миний сэтгэлийг ихээр догдлуулсан. Энэ кино бүтээгдсэн тэр жилдээ Канадын Олон улсын кино наадмаас том шагнал авсан. “Ганган хар”-ын найруулагч хорин хэдэн жилийн турш энэ киногоо дэлхийн олон оронд гаргаж маш их хүндэтгэл олсон. Энэ бол хүний ертөнцийн өвөрмөц онцлоготой кино. “Амин гол” кино ч бас Монгол үндэстний өвөрмөц онцлогтой. Өмнөд Хятадаас гурван мянган өнчин хүүхдийг Өвөр Монголд авчирч, монгол аав, ээжүүдэд үрчлүүлж байсан хатуу цаг үеийг тусгасан кино. Тэр үед идэж уух юм дутагдалтай, амьдрал ахуй нь маш хүнд байсан ч манайхан өнчин хүүхдүүдийг өөрийн хүүхэд шигээ өсгөж бойжуулсан. Монголчуудын төрөлх зан чанар, үзэл санаа бол ийм. Энэ хоёр киногоор дамжуулаад би өөрийн Монгол үндэстэндээ маш их хайртай болсон…” гэж өгүүлсэн юм.
Түүний бүтээсэн “Салхины эсрэг морь”, “Ээж”, “Тэнгэр шиг тал нутаг” зэрэг кинонууд Дундад улсад ихэд алдаршжээ. Бүх Хятадын кино урлагийн хамгийн дээд “Алтан тахиа” шагналыг хүртэх гэж хятад, монгол олон жүжигчин хүсдэг боловч барагтай бол авч чаддаггүй юм байна. Хятадын жүжигчдээс “Алтан тахиа” шагнал авсан хүн тун цөөхөн бөгөөд харин Өвөр Монголоос Наранхуар, Сэчингуа, Алиа, Бадмаа гэсэн дөрвөн жүжигчин авчээ. Тиймээс жүжигчин маань “Тэрбум гаруй хүнээс тэр шагналыг нь авсаан…” гэж даруухан хэлж байна. Том шагнал гардаж авсан хүмүүс голдуу л “Би хамт олноороо бахархаж байна. Намайг төрүүлсэн ээж ааваараа бахархаж байна” гэж хэлдэг. Харин Наранхуар “Ээж” киногоороо “Алтан тахиа” шагнал авахдаа “Би ээжийн дүрийг бүтээсэн. Үүнийг надад тал нутаг минь өгсөн. Тал нутагтаа баярлалаа…” гэж хэлжээ.
Кинонд утга зохиол, уран зураг, дуу хөгжим, драм гээд орохгүй урлагийн төрөл гэж үгүй. Энэ талаасаа ихээхэн түгээмэл шинж чанартай урлаг бөгөөд Наранхуар зөвхөн кинонд тоглоод зогсохгүй найруулагч, продюсер, сэдэв санаачлагч гээд олон талт үйл ажиллагаанд авъяас чадал, сэтгэл оюунаа хэдийнэ дайчлаад сурчихжээ.
Кино зохиолд сэдэв өгч, өөрөө продюсер хийж, өөрөө гол дүрд нь тоглосон “Салхины эсрэг морь” киноныхоо тухай Наранхуар өгүүлэхдээ: “2000-гаад оны үед нутагтаа очиход Шилийн голын цэлгэр сайхан тал нутаг маань улайрч халцраад хэцүүхэн болсон байлаа. Энэ нь надад ямар шалтгаанаас ийм болов гэдэг сэдэлт өгсөн. Монгол хүн л өөрөө сэрж мэдрэх ёстой. Бид бол сэтгэж чаддаг нүүдэлчин ард түмэн. Дуртай газраа очоод малаа хариулж малжаад байдаг тийм том үндэстэн. Харин өнөөдөр тал нутаг маань хувхайраад байна. Үүнд сэрэлт оруулахын тулд “Салхины эсрэг морь” киногоо бүтээсэн. Америкт болсон Олон улсын кино наадмаас том шагнал авсан. Урсаж байгаа гол, тэндээс урган гарч ирж буй цус бол том хайр юм. Хүмүүсийг сэрүүлж тал талаас нь бодуулаад, бид нар ийм аймшигтай үед хүрч ирж байна шүү гэсэн бодлыг төрүүлж байгаа юм. Бид өөрсдийнхөө ажлыг сайн хийгээд, дараачийн шинэ залуу үеэ ямар замаар замнуулах вэ гэдгийг урлагаар ойлгуулж өгөх ёстой…” гэж хэлсэн.
Аливаа улс үндэстний бүтээсэн кино бол түүхийн хэдэн зууны үе болоод оршин буй нийгмийнхээ бодит амьдрал, хүмүүсийн соёл, ёс заншил, зан араншин, сэтгэл хөдлөл зэргийг харуулах чухал баримт болж үлддэг. Нэрт жүжигчин маань Дундад улсад болоод Өвөр Монголд хэзээ ч арилашгүй ийм баримт олныг үлдээжээ. Өвөр Монголын урлаг, соёлынхон болоод утга зохиолынхонтой зоогийн ширээний ард энгийн сайхан яриа өрнүүлж суухад тэд голдуу л “Манай урлаг танайхаас гучин жилээр хоцрогдож яваа” гэж хэлдэг юм. Энэ нь утга зохиол, дуу хөгжим, дуурь, балет зэрэгт хамаарах байх. Тэдний уран бүтээлд Соёлын хувьсгал гээч нь хорь гучин жилийн зай оруулсан байх үндэстэй. Харин Өвөр Монголын кино урлаг манайхаас олон жилээр хоцрогдож явсан ч 1990 оноос манайхтай эн зэрэгцэж өдгөө Олон улсын кино наадмуудаас алт, мөнгөн медаль шүүрээд ирдэг болжээ.
Дэлхийн кино урлагийн түүхэн дэх онцгой баатруудын нэг, Зөвлөлтийн найруулагч Андрей Тарковский “Кино бол хамгийн азгүй урлаг” гэж хэлсэн байдаг. Энэ хүмүүн социалист нийгмийн үед үзэл бодлоосоо болж Барууны орнууд руу дүрвэсэн болохоор кино урлагийг ийнхүү азгүйд тооцсон байх. Харин Наранхуарын хувьд коммунист дэглэмтэй агуу их Хятад гүрэнд уран бүтээл туурвиж байгаа ч үзэл бодлоо эвтэйхэн ойлгуулаад, кино урлагийг өөртөө азгүй урлаг биш азтай урлаг болгоод зогсохгүй Олон улсын кино наадмуудад Дундад улс болон Өвөр Монголыг төлөөлж оролцдог “Хил хязгааргүй урлаг” болгож чаджээ. Тиймдээ ч түүнийг өвөрмонголчууд төдийгүй тэрбум гаруй хүн амтай Хятад улс хүндлэн биширдэг юм байна.
Б.ОЙДОВ